МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь гүйцэтгэх ажил, түүнийг эрхлэх төрийн байгууллага /цаашид "гүйцэтгэх
байгууллага" гэх/, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлж тэдгээрт тавих
хяналттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил
Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх
бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл,
баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Төрийн
тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын
Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын
дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн
аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх техникийн үзлэг, шалгалт гүйцэтгэх ажилд хамаарахгүй.
/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж
Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль,
энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.