55.1.Мөнгөн бус хандивт дараах зүйл хамаарна: 55.1.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх; 55.1.2.үйлчилгээ үзүүлэх. 55.2.Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө. 55.3.Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна. 55.4.Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн хандивын гэрээгээр тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. 56 дугаар зүйл.Хандив өгөх, хүлээн авахыг хориглох 56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно: 56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага; 56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн; 56.1.3.18 нас хүрээгүй хүн; 56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд; 56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага; 56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд. 56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ. 56.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 56.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй. 56.4.Энэ хуулийн 56.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ. 56.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй. 56.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй. 57 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан 57.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана. 57.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

Seleccionar párrafo de destino3