71.11.Энэ хуулийн 71.5.3-т заасны дагуу саналын хуудсыг дахин тоолоход сонгогчдын саналыг тоолохгүй. 71.12.Санал хураалтын дүнг санал тоолох төхөөрөмжөөр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэсгийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргана. 71.13.Санал авах байранд ажилласан ажиглагчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудасны зурган мэдээллийг өгөх бөгөөд уг ажлыг хэсгийн хороо, мэдээллийн технологийн даамал болон итгэмжлэгдсэн ажилтан хариуцна. 71.14.Санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 71.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно. /Энэ хэсгээс "Хяналтын тооллого хийхээр сонгогдсон хэсгийн хороо" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 71.16.Хяналтын тооллого хийх ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөллийг ажиглагчаар оролцуулж болно. /Энэ хэсэгт "байгууллагын" гэсний дараа "болон сонгогчдын" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 71.17.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно. 71.18.Хяналтын тооллого хийх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална. 72 дугаар зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох 72.1.Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно. /Энэ хэсэгт "тэмдэглэсэн" гэсний дараа ", нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 72.2.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно. 721 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Seleccionar párrafo de destino3