52.1.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж,
сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд энэ хуулийн 39.2-т заасан арга
хэлбэрээр сонгуулийн сурталчи��гаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд
шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно.
52.2.Нам нь эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол эвслийн сонгуулийн зардлын дансанд
сонгуулийн зардал шилжүүлэхээс бусад зориулалтаар сонгуулийн зардлын данснаас бие даан
зарлага гаргахыг хориглоно.
53 дугаар зүйл.Сонгуулийн хандив
53.1.Сонгуулийн хандив /цаашид "хандив" гэх/ нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.
53.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.
53.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол
хуулийн этгээд хандивлагч байж болно.
53.4.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн
сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын хэмжээ нь
энэ хуульд заасны дагуу тогтоосон нэр дэвшигчээс тойрогт зарцуулах зардлын хэмжээний дунджаас
хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
54 дүгээр зүйл.Мөнгөн хандив
54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая
төгрөг хүртэл байна.
/Энэ хэсэгт "таван" гэснийг "арван" гэж, "хорин" гэснийг "гучин" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны
өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
54.2.Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс
нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан энэ хуулийн 54.1-т заасан хэмжээнээс
хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно.
/Энэ хэсэгт "эсхүл" гэсний дараа "сонгуулийн тойрогт" гэж, "хэтрүүлэхгүйгээр" гэсний дараа
"сонгуулийн зардлын дансанд" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
54.3.Эвсэлд нэгдсэн намд сонгуульд зориулж хандив өгсөн бол тухайн намын нэгдэн орсон эвсэлд
давхардуулан хандив өгөхийг хориглоно.
54.4.Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн
дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд
энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
54.5.Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу
төрийн санд шилжүүлнэ.
54.6.Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана.
54.7.Бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглоно.
55 дугаар зүйл.Мөнгөн бус хандив