Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/200,А/169 дүгээр хамтарсан тушаалын хавсралт ЦАР ТАХЛЫН ТАЛААР ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ, ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ОРЧИНД ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ОРЧИНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ Нэг.Ерөнхий зүйл 1.1.Энэхүү журмаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9.13 дахь хэсэгт заасан Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх ажиллагааг зохицуулахад оршино. 1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо нь цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийхдээ хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө. 1.3.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч (цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, аппликэйшн, гэх мэт) нь цар тахлын үед худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх үед энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг мөн адил дагаж мөрдөнө. Хоёр. Цахим орчинд цар тахлын үед худал мэдээлэл тарааж байгаад хяналт тавих 2.1.Цахим орчинд цар тахлын үед худал мэдээлэл тарааж байгаад цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина. 2.2.Энэ журмын 2.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчинд цар тахлын үед худал мэдээлэл тарааж байгаатай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд зохицуулалт хийх санал, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ. 2.3.Энэ журмын 2.2-т заасан санал, дүгнэлтэд тухайн нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээллийн цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргана. 2.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.2-д заасан санал, дүгнэлтийн дагуу нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа цахим орчинд хязгаарлалт хийх дараах арга хэмжээг авна. 2.4.1.нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээллйг устгах эсвэл хандалтыг хязгаарлах; 2.4.2.нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа цахим хаяг, цахим хуудасны хандалтыг хязгаарлах. 2.5.Харилцаа холбооны зохицуулах хорооноос Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нарт цар тахлын талаар нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгааг хязгаарлах тухай мэдэгдэлд хүргүүлэх бөгөөд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. 2.6.Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 2.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ: 2.6.1.тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг цар тахал намдах хүртэл хугацаагаар хязгаарлах; 2.6.2.хуульд заасан технологийн арга хэмжээ авах. 2.7.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 2.6-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. 2.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.5-д заасан мэдэгдлийг тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно. Гурав. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа 3.1.Цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа цахим орчинд хязгаарлалт хийх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана. 3.2.Энэ журмын 3.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамаарна. 3.3.Эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах албан тушаалтны овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, факсын дугаар, цахим хаягийн жагсаалтыг гаргасан байна.

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents