МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 12 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БYЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино. 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж 2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг; 3.1.2."25 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг; 3.1.3."нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг; 3.1.4."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;

اختر الفقرة المستهدفة3