46 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах 46.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг" гэх/-ийг радио, телевизээр нэвтрүүлж болно. 46.2.Олон нийтийн радио, телевиз сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хуваарь, цагийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ. /Энэ хэсэгт "тогтоосон" гэснийг "баталсан" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "сурталчилгааны" гэсний дараа "болон мэтгэлцээний" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 46.3.Олон нийтийн радио, телевиз нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг олгох саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхдээ нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно. /Энэ хэсэгт "сурталчилгааны" гэсний дараа "болон мэтгэлцээний" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 46.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална. /Энэ хэсэгт "үзсэний үндсэн дээр сонгуулийн" гэснийг "үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "сурталчилгааны" гэсний дараа "болон мэтгэлцээний" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 46.5.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ. 46.6.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна. 46.7.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно. 46.8.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна. 46.9.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ: 46.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь; /Энэ заалтад "тогтоосон нарийвчилсан" гэснийг "төлөвлөсөн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 46.9.2.ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ; 46.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал.

اختر الفقرة المستهدفة3