Харилцаа холбооны зохицуулах хорооны
2011 оны 08 тоот тогтоолын
хавсралт
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
(2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 дүгээр тогтоол, 2015 оны 60 тоот тогтоолын
2 дугаар хавсралтаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан)
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1.2, 12.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-д заасныг тус тус үндэслэн харилцаа холбооны
сүлжээгээр контентын болон веб сайтын үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг баримтлана.
/2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
1.2. Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) болон,
контентын агрегатор, контент нийлүүлэгч, веб сайтын үйлчилгээ эрхлэгч, контентын
үйлчилгээтэй холбогдсон харилцаанд энэхүү зохицуулалтыг дагаж мөрдөнө.
2. ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1. “Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст,
зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт
хувиргасан бүтээгдэхүүн; Энэхүү контентид дараахь зүйлс хамаарахгүй.Үүнд:
• Цахим шуудан, балк болон спам захидал;
• Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, Айпи
телефон яриа гэх мэт);
2.2. “Контент нийлүүлэгч” гэж олон төрлийн эх үүсвэрээс контентийг эргэн ашиглах
эсвэл дахин худалдах зорилгоор цуглуулан, үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр болон
интернетийн сүлжээгээр дамжуулахын тулд өөрийн тоног төхөөрөмж, программ
хангамжийг ашиглан хувиргах, тохируулах, борлуулах зорилготой контент
нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд. /2015 оны
хорооны хуралдааны 60 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан/
2.3. “Контент бүтээгч” гэж контентийн зохиогчийн эрхийг эзэмшигч, эсхүл контентыг
хөгжүүлэн контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд нийлүүлдэг хувь хүн, хуулийн
этгээд; Үүнд дуучид, хөгжимчид, зохиолчид гэх мэт мэдээллээр хангагчид, болон
програм хангамж ашиглан контентыг бий болгогчид. /2015 оны хорооны хуралдааны 60
тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан/
2.4. “Веб сайтын үйлчилгээ эрхлэгч” гэж харилцаа холбооны сүлжээний үйлчилгээг
ашиглан олон нийтэд мэдээ, мэдээлэл болон бусад бүх төрлийн контентыг хүргэдэг
иргэн болон хуулийн этгээд. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн
найруулсан/