/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
48.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг
сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.
48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч,
ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
48.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.
48.5.Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
/Энэ хэсгээс "сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн" гэснийг 2023 оны 06 дугаар
сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
48.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
48.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;
48.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар
амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
48.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,
төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой
хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн
сурталчилгаанд ашиглах;
48.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;
48.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох,
ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.
48.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн
харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл
ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.
48.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл,
нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах,
гэрээ байгуулахыг хориглоно.
48.8.Дахин болон нэмэлт санал хураалт дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг
хориглоно.
48.9.Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах
ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад
орох, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигч ухуулах байр ажиллуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
48.10.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа
дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон энэ хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие
даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
48.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн
нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.
/Энэ хэсгийн "48.10" дугаарыг "48.11" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./