МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго
болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдүгээр зүйл.
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь
төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.