57.3.Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. 57.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана: 57.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 49.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр; 57.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 54.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр; 57.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт; 57.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил; 57.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ. 57.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. 58 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал 58.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт "нийтэд" гэсний дараа "мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 58.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 58.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих; 58.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах; 58.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх; 58.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах; 58.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах. 58.3.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.5, 38.13-т заасан мэдээллийг дүгнэлт гаргаж дууссан өдрөөс эхлэн, 58.4-т заасан мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно. /Энэ хэсэгт "26.3.6, 26.4.6, 38.5-д" гэснийг "38.5, 38.13-т" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 58.4.Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Select target paragraph3